Хонгорын элс

0
3929

[:mn]

Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг, Сэврэй сумын нутагт Сэврэй сумаас хойш 20 гаруй км, аймгийн төвөөс баруун тийш 216км зайд орших үргэлжилсэн элсэн манхан. Элсэн манханы урт нь 130 гаруй км, өндөр нь газрын гадаргаас дээш 195 м, өргөнөөрөө 3-20 км. Сэврэй, Зөөлөн, Баян бор нуруу хэмээх үргэлжилсэн их уулсын дундуур баруунаа зүүн тийш сунаж тогтсон элсэн манхан юм.

Энэхүү элсэн манханы араар Ар гангын ус, Сэрүүн булаг гэсэн хоёр гол усны эх ундарга бүхий булгууд нь 10 шахам км урсаж Дуут манханы ар хормойд Адаг нуур хэмээх жижиг нуурыг үүсгэдэг. Адаг нуур нь хаврын хайлсан цас, хайлсан мөсний ус, өнтэй жил их орсон борооны үерийн усаар тэжээгддэг ч зарим бороо хур багатай жил ширгэдэг. Дуут манхан хэмээх нэрлэгдсэн энэ орчиндоо хамгийн өндөр элсэн манхан нь газрын гадаргаас 195 м өндөр бөгөөд нэлээд эгц цавчим, элсэн хянганууд нь салхины аясаар хуримтлагдсаар биеэ даахгүй болж эргэн урсахдаа нисэх онгоц мэт дүнгэнэн дугардагаас нутгийнхан нь “Дуут манхан” хэмээн нэрлэсэн билээ.

Хонгорын элс нь Монголын говь дахь томоохон баян бүрдийн нэг юм. Эндээс говийн олон зүйл зэрлэг амьтад, мал сүрэг, хүн ундаалан амьдарч байна. Адаг нуур, Сэрүүн булаг, Нүдэн булгийн орчны зүлэг усанд хавар намрын нүүдлийн шувууд цөөнгүй ирж амардаг.

[:]


LEAVE A REPLY